Усан сан
Словак хэмээх жижигхэн улс Европ тивд байдаг. Дэлхийн 1-р дайны дараа хуучин Чехсловак улсын бүрэлдэхүүн болж байсан бол 1990 оноос тусгаар тогтносон улс болсон. 49000 км² нутаг дэвсгэртэй 5 сая гаруй хүн амтай. (Харьцуулбал Булган аймаг 48000 км² нутагтай 60000 хүн амтай.)
Словак улсын хамгийн том урт гол Вааг гэдэг нэртэй 403 км урт урсдаг гол бий. 152 м³/с урсацтай бас л томоохон гол. Нэр нь словакаар Vah, германаар Waag (манай Ховд гол 85м³/с урсацтай 516 км урсдаг бол Туул гол 26м³/с урсацтай, 719 км урт урсдаг. м³/с гэдэг нь нэг секундэнд хэдэн метр куб ус уосан өнгөрөхийг хэлнэ. 1м³=1000 литр ус)
Энэ гол дээр 13 (!!!) усан сан байдгаас хамгийн алдартай хамгийн үзэсгэлэнтэй нь Liptovska Mara буюу Липтовын Мара хэмээх усан сан юм. Энэ усан санг Липтовийн заримдаа Словакын тэнгис хэмээн нэрийдэх нь ч бий. Усан сан 1965-1975 онд баригдсан бөгөөд 7 км-ын урттай 22 км² талбайтай хамгийн гүн нь 45 метр бүхий сайхан нуур юм. Энэ усан сан Вааг гол дээр үерийн хамгаалалтын болон усны нөөцийн хуримтлал бий болгох зорилгоор байгуулагдсан аж.
Хамгийн сонирхолтой нь энэ усан санг байгуулахын тулд 13 тосгоныг (үүнээс 12 тосгон бүхлээрээ байшин барилгатай хамт) усанд автуулж, иргэдийг нь нүүлгэсэн байна. Үүнээс гадна улсын хэмжээний авто зам, төмөр замын тодорхой хэсэг нуурын усанд автжээ. Нуур буюу усан сан үүссэний дараа төмөр зам авто замыг нуур тойруулан шинээр барьсан ажээ. (Доор зураг оруулав. зурагт усанд автсан суурин газрын нэрс, авто төмөр замын тэмдэглэгээ харагдана.)
Усан сан барих үерээс хамгаалах, усны нөөцийн хуримтлал бий болгох нь амин чухал асуудал учраас өнгөрсөн зуунд ч Словакууд бүхэл бүтэн 13 тосгоныг нүүлгэн шилжүүлж усанд автуулах, авто зам төмөр замыг шинээр тойруулан барих зардал гаргахыг юман чинээ тоосонгүй. Үр дүн нь өнөөдөр гарч эхэлж байна. Словакчууд устай байна, амьдралтай байна, хамгийн том чухал гол болсон Вааг голоо хамгаалж үлдэж чадсан байна.
Усан сан гэдэг энэ буюу. Үерийн хамгаалалт гэдэг нь усаа хуримтлуулах замаар үерээс ч хамгаална, гангаас хамгаална, голын урсацаа тогворжуулж гол хамгаална. Бүүр цаашлаад Вааг гол цутган орох Дунай мөрнийг ч хамгаална.
Энэ жишээнээс харахад бид Сэжигтийн хавцалд усан сан барьсанаар харамсаар ихээр хайлж багасаж байгаа Мөнх цас хайрхануудаас хайлан ирэх их усыг тогтоон барьж, том нуурын толионоос уурших их ууршилтаар мөнх цасны хайлалтыг бага хэмжээгээр боловч удаашруулж (хэдий чинээ өндөрт усан сан барина төдийчинээ мөнх цасаа тэжээх магадлал өндөр) хамгийн гол нь мянга мянган жил биднийг тэжээсэн Ховд голоо, Их нууруудын хотгороо байгалийн тэнцвэрт байдлаар нь хамгаалан авч үлдэж чадах юм. Хэрэв усан сан барихгүй бол, хайлж буй усыг одоо л тогтоож хуримтлуулж авахгүй бол мөнх цас хайлан дуусах үед (зарим судлаачдын тооцоогоор 2030-2040 гэхэд Монгол улсад мөнх цас хайлж дуусна) мөнх цас мөсөн голоор тэжээгддэг бүх голууд тэр дундаа Ховд гол маань тасалдан ширгэж, улмаар алдарт Их Нууруудйн хотгорын нуурууд маань ширгэх аюултай юм. (Их нуурын хотгорын нуурууд маань 2-3 метр гүнтэй экологийн хувьд их эмзэг нуурууд юм.)
Мөн Туул гол дээр усан сан барьж усны хуримтлал үүсгэхгүй бол өдөр тутам өсөн нэмэгдэж буй УБ-ын усны хэрэглээг дийлэхгүй болж, Туул голоор тэжээгдэж буй газрйн доорх усны нөөц шавхагдаж, улмаар Туул гол маань тасалдах ширгэх аюултай юм.
Ийм учраас Словакчууд 13 тосгон, авто болон төмөр замаа усанд автуулахыг тоосонгүй. Учир нь хүний амь нас ирээдүй бүхнээс үнэтэй. Харин тэр амь нас ирээдүйг бий болгогч нь УС, Усны нөөц, усны хуримтлал юм. 400 км-ын урттай голд 13 усан барьж байхад бид 500, 700 км-ын урттай 2 гол дээрээ ганц ч усан сан хуримтлал байхгүй байдаг… Гэтэл усан сан барьж хуримтлал үүсгэж гэмээнэ голуудаа, мөнх цасаа, нууруудаа цаашлаад эх нутаг, өөрсдийгөө ирээдүй хойчоо хамгаалж чадахаар байдаг…
(Энэ зураг усанд автаагүй үлдсэн сүм)
Ус голоо хайрлана гэдэг нь зүгээр хоосон санаа зовоод хэнийг ч ойртуулахгүй суух биш харин шинжлэх ухаанчаар, дээд зэргийн тооцоололтойгоор инженерийн шийдэл хайх, хэрэгжүүлэх үйлдэл юм.
“УСНЫ” БАТБАЯР
Discussion about this post